🧚 Виртуал хүмүүс


Сүүлийн хэд хоног виртуал хүнээр хэсэг амьсгалаад авлаа. Ганц сүүлийн хэд хоногч биш л дээ, ер нь л энэ салбарыг сонирхоод багагүй хугацаа өнгөрч байна🤪. Миний харж байгаагаар ойрын хэдэн жил бидний хувьд виртуал хүмүүсийг хүлээн зөвшөөрөх жилүүд байх болов уу гэж. Би хувьдаа аль энэ салбарыг хүлээн зөвшөөрч, бүүр заримынх нь дагагч болчихсон байгаагаа нуух юун билээ 😅. Тэгэхээр виртуал хүмүүс яагаад тоглоомоос гараад өнөөдөр бидний ажил, амьдралд нөлөөлөхөөр хэмжээнд хүрээд байгааг хэдэн жишээгээр маш товч ноороглоод авъя.

Яагаад бид байсаар байтал виртуал хүмүүс шаардлагатай гэж?

Аль ч бизнесийн салбарт хүн гэдэг зүйл хамгийн төвөгтэй, асуудал ихтэй зардал болж явдаг. Тэр дундаа урлаг, уран сайхан, дуу хөгжим, шоу бизнесийн салбарт хамгийн том зардал нь гол дүрийн хэн нэгэн нөхөр байдаг шүү дээ. Тэр нөхөр л байхгүй бол тэр олон хүний ажил үнэгүйдэх аюултай. Мэдээж хэрэг нөгөө нөхөр маань хүн л болсон хойно эрүүл мэнд нь муудаж өвдөх 🤧, болох болохгүй зүйлд орооцолдох 🥴, буруу зөрүү ярих 🤬 гэх мэт асуудал байнга дагуулна. Харин нөгөө талдаа тэр олны танил болсон өнөө нөхөр маань өөрийн гэсэн амьдрал байхгүй, зөвхөн бусдын зохиосон зохиолын дагуу л амьдрах гэж өөрийгөө зовооно ☠️.

Харин энэ том асуудлыг цогцоор нь шийдэх гарц нь гарцаагүй виртуал хүмүүс юм. Виртуал хүн өвдөхгүй, тэд ямар ч алдаа гаргахгүй, тэдэнд ямар нэг онцгой зардал гэж байхгүй, тэд зөвхөн зохиолын дагуу л амьдрах болно.

Өнөөдөр тийм виртуал хүмүүс байна уу?

  • Hatsune Miku - 2007 онд Vocaloid 2.0 гэх программаас төрсөн 16 настай, 158см өндөр, 42кг жинтэй. Жаахан солиотой сонсогдож байгаа биз 🙀

  • Imma - Загварын виртуал модель. Японы зах зээл дээрх томоохон компаниудын сурталчилгаанд тоглодог. Aww Inc.-н хөгжүүлж байгаа 4н виртуал моделийн нэг. Миний дагадаг виртуал моделийн нэг :D

  • K/DA - LoL тоглоомоос гаралтай виртуал хамтлаг. K-Pop жанраар уран бүтээлээ гаргаж байгаа.

  • Shudu - Загварын виртуал модель. Мөн л томоохон брэнд болоод сэтгүүлийн нүүрэнд гарсан. Cameron James Wilson гэх нөхрийн үүсгэн байгуулсан thediigitals.com-н хөгжүүлж байгаа 7н моделийн нэг. Сонирхолтой нь хөгжүүлж байгаа 7н моделийн нэг нь хүн биш 👽

  • Miquela - Виртуал уран бүтээлч. Одоогоор Instagram дээр гэхэд 3 сая гаран дагагчтай, youtube дээрээ маш олон уран бүтээлтэй нэгэн.

  • Amara - Монгол залуугийн хөгжүүлж байгаа виртуал дүр төрөх.

Эдгээр виртуал дүр төрөхөөс гадна зуу зуун өөр виртуал дүр төрх цахим орчинд өөр өөрийн шинэ орон зайг бий болгохоор ажиллаж байна /virtualhumans.org/ гайхалтай. Өнөөдөр технологийн хувьд виртуал хүн бүтээх нь маш хялбар болсон байна. Харин тэдгээр виртуал хүмүүсийг амь оруулах, хувийн зан чанар, дотоод дүр төрөх гэдэг зүйлийг хэрхэн гаргаж ирэх вэ гэдэг нь шинэ төрлийн бизнес байх бололтой.  Магадгүй ойрын ирээдүйд бид бодит олны танил хүмүүс бус виртуал оддыг илүүтэй дагаж дуурайх болов уу?