🤯 Bellingcat-аас сурсан зүйлс


Bellingcat гэдэг нь олон улсын шинжээч, судлаач, мөрдөгчид болон сэтгүүлчид нэгдэн, цахим орчинд эрэн сурвалжлах, мөрдөн шалгах, магадлан батлах ажиллагаа явуулдаг хараат бус байгууллага.

Магадгүй та бүхэн Bellingcat-ийн олж илрүүлсэн, томоохон шуугиан тарьсан баримт мэдээллийг үе үе дуулсан байх. Тэдний заримаас дурдвал Оросын сөрөг хүчний удирдагч, үхлээс мултарч ирсэн Alexei Navalny-ийг хэн хэрхэн хордуулсан. Мөн Малайз улсын агаарын тээврийн MH17-ийг сөнөөсөн хэрэг, гэх мэт.

Bellingcat-н гайхалтай нь ямар нэг өөрсдийн нууц хэрэгсэл, эсвэл мэдээллийн сангаас бус, бидний өдөр бүр ашиглаж байгаа хайлтын систем, олон нийтийн сүлжээг ашиглан тэдгээр ноцтой баримт мэдээллийг олж илрүүлж, баримтжуулдаг явдал юм.

Тэгэхээр гол нь миний хувьд Bellingcat-с юу сурав гэж үү?  Одоогоор доорх гурван зүйлийг нэрлэж болох юм байна.

  1. 🖼️ Зургаар хайлт хийхдээ зураг дээр Data Augmentation ашиглах
    Өнөөдөр бүх томоохон хайлтын системүүд зөвхөн текст өгөгдөл бус зураг дээр хайлт хийдэг болчихсон. Харин зураг дээр хайлт хийхдээ би голдуу шууд хайх эх зургаа оруулах байдлаар хайлт хийдэг байв. Тэгвэл хайлт хийх зургийг тодорхой хэмжээнд эвдэж хайвал хайлтын үр дүн илүү гарах тохиолдол байдаг байх нь. Жишээ нь зургын зарим хэсгийг таслах, шаардлагагүй хэсгийг noise-оор дарах, эргүүлэх гэх мэт. Image Recognition Model сургах талаар сонирхож байсан бол миний юу хэлэх гээд байгаа шууд ойлгож байгаа байх тийм үү.

  2. 😱 Зүс царайгаар хайлт хийх
    Оросын yandex.ru-г зургийн хайлт нь face recognition-той гэдгийг Bellingcat-н нөхдөөс л мэдэж авлаа. Томоохон хайлтын системүүд google.com, bing.com бүгд face recognition боломжгүй байдаг. Харин yandex.ru шууд face-г хайлтын системийнхээ нэг feature болгочихсон байх шиг. Магадгүй өнөөдөр зах зээл дээр байгаа ганц олон нийт шууд ашиглах боломжтой face recognition-той хайлтын систем юм болов уу. Миний туршилтаар Орос хүмүүсийг бол яг гаргаж байна лээ. Тэгэхээр vk-гаас хамаг датагаа бүрдүүлсэн байх магадлалтай.

  3. 🕑 Зураг дээр буусан байгалийн гэрэл сүүдрийг ашиглан тухайн зургийн цагийг тодорхойлох
    Та ер нь зураг дээрх байгалийн гэрэл сүүдрийг хараад тухайн зургийг хэдэн цагт дарсан гэдгийг тодорхойлж чадах уу? Магадгүй өглөө, өдөр эвсэл орой гэх барагцаагаар л тодорхойлох байх. Тэгвэл suncalc.org гэх сайтыг ашиглаад байгалийн гэрэл сүүдэртэй авсан зургийн цагийг илүү нарийн тодорхойлох боломжтой юм байна. Гол нь зураг дээрээс зүг чигээ олох нь таны эхний даалгавар шүү дээ! Google Map, Zoom.earth, OpenStreetMap.org, … мэт олон хэрэглэлүүд зүг тодорхойлоход тань туслах болно.

Энэ долоо хоногт Bellingcat-аас сурч мэдэж авсан зарим зүйлээс хуваалцвал ийм байна.

#НоорогСараачихСорилт